"Medee"

Happy hour: Мандах нарны туяагаар “цэнэглэгдэе”

Эрүүл мэнд  | 2012 / 04 / 25
Хөшигний завсраар тусах нарны туяа өдөр өдрөөр урагшлан ирж яваа цагийг бидэнд сануулна. Өглөөний цэнгэг агаар хамар цоргин, нарны илч наашилж нүд гялбуулна. Хаврын энэ л өдрүүдэд хайртай хүнтэйгээ нар мандахыг харж эрч хүчээ сэлбэнгээ, харилцаагаа улам сонирхолтой болгох аргыг танилцуулж байна.
Happy hour: Мандах нарны туяагаар “цэнэглэгдэе”
- Маргаашийн эхлэл урд өдрийн оройноос гэдэг. Тиймээс маргааш өмсөх хувцасаа орой нь бэлдэж тавиарай.
- Хайртдаа, эсвэл гэрийнхээ хэн нэгэнд нар харах тухай төлөвлөгөөгөө дуулга. Тэгээд бэлтгэлээ хамт базаагаарай.
- Өглөөний нар өнөөдөр яг 06:00-ээс мандсан. Нар мандах цаг өдөр бүр нэг минутаар урагшилж байгааг санаарай.
- Өмсөх хувцасаа бэлдчихсэн учир өглөө 05:00 цагаас босоход тохиромжтой. Тиймээс орой 11 гэж унтвал яг “нормал”. Насанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтахад хангалттай гэж үздэг.
- Нар мандахыг бид гэрийнхээ тагтан дээрээс харж болно л доо. Гэхдээ илүү их мэдрэмж, эрч хүч авахын тулд, өглөөний энергээр өөрийгөө сэлбэхийн тулд “Зайсан” дээрээс нар харахыг санал болгож байна.
- Ургах улаан нар улам өөд хөөрөх агшинд хүслээ, мөрөөдлөө, зорилгоо шивнээрэй.
- Өндөрлөг цэгт өглөөний агаар улам цэнгэг байдаг учир сэтгэл чинь сэргэж, цоо шинэ эрч хүчээр сэлбэгдэх болно.
- За ингээд нар мандахыг харчихлаа, сэтгэлээ сэргээчихлээ. Ажилдаа явах гэсэн чинь арай л эрт байгаа биз? Өглөөний цэвэр агаарт, сэлүүхэн гудмаар алхах сайхан шүү. Урьд нь хайрттайгаа “хотын гудамжинд шөнө болдоггүй ээ” гээд л алхаж байсан бол өглөөний гудам ч бас сайхан гэдгийг мэдрээрэй.
- Зарим өглөө ширээний ард хамт суух ч зав олдохгүй ажил ажилдаа яаран гардаг уу? Тэгвэл өнөөдөр та гал тогоонд эргэлдэхгүй, нөхөр чинь танаас ямар зангиа зүүхээ асуулгүйгээр өглөөний цайгаа хамт уугаарай. Энэ долоо хоногийн Гоолингоо зөвлөж байна буланд өглөө эрт онгойдог кофе шопуудын жагсаалтыг гаргасан байгаа. Үнэнч уншигч нар маань аль хэдийн мэддэг болчихсон байх.
- Эцэст нь Гоолингоо найзууддаа бяцхан гэрийн даалгавар өгье. Өглөөний нар мандахыг хараад хэрхэн эрч хүч авсан тухайгаа мөн Зайсан нийт хэдэн шаттай болохыг бидэнд хариу ирүүлээрэй.




Тоосны харшлаас өөрийгөө “хуяглах” арга

Эрүүл мэнд  | 2012 / 03 / 28
Хавар болж, тэнгэр газар хоёр хоёулаа зөөлрөөд сайхан байгаа ч үүнийг дагаад тоос шороонууд “ичээнээсээ гарч” харшилтай охид бүсгүйчүүдийг маань зовоогоод авдаг. Гэнэт хурц болсон нарны тусгал, цаг уурт дасаагүй биесүүд минь гэнэт ядарч сульдан дархлаа мууддаг байна. Тэгээд л өнөөх айхтар “харшил” чинь нэг мэдэхэд л наалдаад авна шүү дээ.
Тоосны харшлаас өөрийгөө “хуяглах” арга
Биеийн дархлаа муудангуут элдэв өвчин, гадны нөлөөнд автахад амархан байдаг бөгөөд харшил анхандаа ханиад хүрж байгаа мэт мэдрэмж төрүүлж, хамрын нус гоожиж, хоолой загатнах шинж тэмдгээс эхэлдэг. Иймээс Гоолингоо найз нь та нартаа хаврын улирал дархлаагаа сайжруулж, харшил гээчээс “холхон” байх энгийн, тустай зөвлөгөөг бэлдчихлээ.
Дөнгөж харшил эхэлж байгаа үед дараах шинжүүд илэрдэг:
• Жил болгон тодорхой улиралд нус гоожих, нулимс урсах
• Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
• Өдөртөө тийм ч их мэдэгдэхгүй мөртлөө, шөнөдөө хуурай ханиалгах.
Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Манай оронд гэрийн тэжээвэр амьтан болон, хоол хүнсний харшил тийм ч түгээмэл байдаггүй. Харин сүүлийн үед олон хүмүүсийн дулааны улирлын “настр”-ыг нь унагаж байгаа ургамал, тоосны харшлаас хэрхэн сэргийлэх аргыг зааж өгье:
1. Таримал цэцэг ногоог хяналтандаа байлга. Гэртээ цэцэг таридаг бол цэцгийнхээ дээр хуримтлагдсан тоосонцорыг өдөр бүр, амжихгүй бол өнжөөд нэг бүлээн, чийглэг даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
2. Өдөржин гадуур явах үед гадны тоос шороо үсэнд “наалдсан” байдаг учраас орой унтахаасаа өмнө үсээ шүршүүрийн бүлээн усаар угаачихаж байгаарай. Тэгвэл гайхал тоос шороо чамд халдаж чадахгүй шүү дээ.
3. Бидний амьдарч буй хот шороо тоос ихтэй нь нууц биш. Тиймээс гэрийнхээ цонх, салхивчийг нээлттэй байлгасны оронд агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн нь хаврын улиралд илүү тохиромжтой.
4. Унтлагын өрөө, хөнжлийн даавуугаа тогтмол халуун усанд угааж заншаарай. Хэрвээ гэртээ амьтан тэжээдэг бол түүнийг унтдаг өрөөндөө байлгах дэмий. Миний хувьд нохой тэжээдэг. Нохой маань өдөр бүр “өөрийгөө” салхилуулчихаад орж ирдэг л дээ. Гадаа байх хугацаандаа байшингийн булан тохой гээд л явахгүй газар үгүй учраас үсэнд нь тоос, бохир шороо их наалдчихсан байдаг. Ялангуяа хаврын улиралд гадуур хуурай шороо их болчихдог учраас, “тэд” биеийн тань дархлаа муудсан үеийг “далимдуулаад” авдаг юм. Тиймээс гэрийн тэжээвэр амьтнаа унтдаг өрөө, ор хөнжлийн даавуунаас хол байлгах хэрэгтэй.
5. Ажил ихтэй зав гарч амжихгүй ч амралтын өдрүүдээр гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх, ялангуяа ном, тавилга, хивс, цагаан хэрэглэлүүдээ сайтар угааж байхыг зөвлөж байна. Хэрвээ бүсгүй та шинэ тавилга, буйдан авахаар зэхэж байгаа бол угааж арчихад хялбар ( савхин эсхүл гялгар буйдан арчиж цэвэрлэхэд хялбар байдаг) –ыг сонгоорой.
6. Хамгийн чухал зүйл нь ДАРХЛАА, ДАРХЛАА, мөн ахиад л ДАРХЛАА. Дархлаагаа сайжруулах эм бэлдмэл, өмнөх зөвлөгөөнд орсон ХӨӨРХӨН БОЛГОХ ТУСТАЙ 15 ХҮНС, витамин зэргийг хэрэглэж болно. Эрүүл мэнддээ санаа тавьж байгаа бүсгүйчүүдэд дуулгахад Моносын эмийн сангуудаар “Витаминжуулалтын аян” эхэлчихсэн юм билээ.
7. Хэрвээ хананд чинь хивс өлгөөтэй байдаг бол тоосноос харшлах магадлал ихэснэ. Тиймээс ханан дахь хивсээ авч газар тавих юм уу, хуйлж эвхээд хүйтний улиралд гаргаарай. Харшлаас урьдчилан сэргийлэх эдгээр аргуудыг дагаж мөрдөөрэй. Нэгэнт харшилтай болчихвол эдгээх, бүр мөсөн эмчилэх арга байдаггүй учраас цэцэг ногоо зүйл зүйлээрээ дэлгэрч, тоосоо “цацахаас” өмнө дархлаагаасаа сайжруулж, биеэ бэлдэхэд гэмгүй